Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

МОНГОЛЫН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СИСТЕМ ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Их Хурлын 2007 оны    
 10 дугаар тогтоолын хавсралт
 
"МОНГОЛЫН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СИСТЕМ" ХӨТӨЛБӨР
 
Нэг. Хөтөлбөрийн зорилго, шийдвэрлэх зорилт
            
            1.1.Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын тулд эрчим хүчний хангамжийг найдваржуулах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, алдагдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдуулан эрчим хүчний нөөцийг аль болох үр ашигтайгаар хэрэглэх, экспортлоход оршино.
 
            1.2. Хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтыг шийдвэрлэнэ:
 
         1.2.1.Монгол Улсын хэмжээнд хараат бус бие даасан эрчим хүчний найдвартай хангамжийн системийг байгуулж, үр ашиг өндөр, алдагдал багатай үйлдвэрлэлийн бүтцийг бий болгох;
 
          1.2.2.улсын нийт нутаг дэвсгэр дээр цахилгаан станцуудыг зөв байршуулсны үндсэн дээр эрчим хүч экспортлох;
 
          1.2.3.эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг тодорхойлох, үр ашигтай шинэ техник, технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах замаар эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийн шинэчлэлт хийж төв, орон нутгийн цахилгаан хангамжийг найдвартай болгох;
 
          1.2.4.усан цахилгаан станц шинээр барьж өндөр хүчдэлийн шугамаар холбох замаар бүс нутгийн эрчим хүчний хангамжийг найдваржуулах, цаашид эдийн засгийн үр ашигтай горим, ажиллагааг бүрдүүлэхийн тулд баруун бүсийн эрчим хүчний системийг бэхжүүлж төвийн эрчим хүчний системтэй холбох замаар Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем байгуулах;
 
          1.2.5.зах зээлийн нөхцөлд тохирсон хууль, эрх зүйн үндэс, менежментийг боловсронгуй болгох, түлш, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх.
 
Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
 
2.1.Хөтөлбөрийг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
 
          2.1.1.нэгдүгээр үе шат буюу ойрын хугацаа /2007-2012 он/-нд бүс нутгийн эрчим хүчний хангамжийг найдваржуулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон цахилгаан дамжуулах шугамуудыг барьсны үндсэн дээр нийт сум, суурин газрыг төвлөрсөн эрчим хүчээр болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаж байнгын цахилгаан эрчим хүчтэй болгох;
 
          2.1.2.хоёрдугаар үе шат буюу дунд хугацаа /2012-2022 он/-нд бүс нутгийг эрчим хүчээр найдвартай хангах зорилгоор эрчим хүчний эх үүсвэр болон цахилгаан дамжуулах шугамуудыг шинээр барьж баруун, зүүн болон төвийн бүсийн эрчим хүчний системийг өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаар холбож эрчим хүчний нэгдсэн систем байгуулах нөхцөлийг бүрдүүлэх;
 
          2.1.3.гуравдугаар үе шат буюу хэтийн хугацаа /2022-2040 он/-нд төвийн бүсийн эрчим хүчний системийг баруун бүсийн эрчим хүчний системтэй өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаар холбож эрчим хүчний нэгдсэн системийг байгуулах.
 
Гурав Монгол орны эрчим хүчний нөөц
 
            3.1.Нүүрсний нөөц:
 
          3.1.1.Монгол Улсын нийт 150 тэрбум тонн нүүрсний нөөцөөс 20 гаруй тэрбум тонныг нь урьдчилсан болон нарийвчилсан хайгуулаар тодорхойлоод байгаа бөгөөд нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүс нутгаар харилцан адилгүй байршилтай 200 гаруй нүүрсний орд илрээд байгаагийн 50 орчим ордод эрэл, үнэлгээ, хайгуулын ажил хийж, 40 орчим ордыг ашиглаж байна; 
 
          3.1.2.баруун бүсэд Нүүрст Хотгор, Хар тарвагатай, Хөшөөт зэрэг орон нутгийн  чанартай цөөн тооны нүүрсний орд байгаа бөгөөд Завхан аймгийн нутагт нүүрсний орд илрээгүй тул цаашид хайгуул хийх шаардлагатай байна;
 
          3.1.3.хангайн бүсэд Булганы Сайхан-Овоо, Баянхонгорын Жинст, Хөвсгөлийн Могойн гол зэрэг орон нутгийн чанартай нүүрсний уурхайгаас гадна Өвөрхангай аймагт Баянтээгийн нүүрсний ордыг ашиглаж байна;
 
          3.1.4.төвийн бүсэд нүүрсний нөөц харьцангуй их байгаа бөгөөд Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Тэвшийн говь, Алагтогоо, Хангай зэрэг ордуудыг ашиглаж байна;
 
          3.1.5.зүүн бүсэд Адуунчулууны нүүрсний уурхай, Сүхбаатар аймгийн нутагт Талбулаг зэрэг нүүрсний жижиг ордыг ашиглаж байна;
 
           3.1.6.Монгол Улсад газрын тосны хайгуул хийж зүүн болон говийн бүсэд бага зэрэг нөөцийг тогтоосон бөгөөд шатдаг хийн нөөц одоогоор илрээгүй байна.
 
             3.2.Сэргээгдэх эрчим хүчний нөөц:
 
          3.2.1.Монгол Улсын эрчим хүчний чадлын нөөц нь 6417,7 МВт,  жилд 56,2 тэрбум кВт цаг цахилгаан эрчим хүчийг усны эрчим хүчээр үйлдвэрлэх боломжтой бөгөөд цаашид баруун, хангайн бүсэд ойрын болон дунд хугацаанд 700 гаруй МВт нийлбэр хүчин чадалтай усан цахилгаан станцуудыг барьж ашиглах боломжтой байна;
 
         3.2.2.Монгол орны ихэнхи нутгаар жилийн 270-300 өдөр нь нартай байдаг бөгөөд нар гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2250-3300 цаг, жилд тусах нарны эрчим хүчний хэмжээ дунджаар 1400 кВт ц/м2, нарны эрчимшил өдөрт 4,3-4,7 кВт ц/м2 байна;
 
          3.2.3.Монгол орны салхины эрчим хүчний чадлын нөөц 836,8 тэрбум кВт/ц, түүний ашиглаж болох хугацаа жилдээ 3500-4600 цаг байна.
 
              3.3.Атомын эрчим хүчний нөөц:
 
          3.3.1.Монгол орон ураны нилээд нөөцтэй ч цахилгаан станц барих хэмжээнд хүртэл хараахан судлагдаагүй бөгөөд атомын цахилгаан станц барих асуудлыг олон улсын хэмжээнд зөвшөөрч шийдвэрлэдэг тул цаашид нарийвчилсан судалгаа явуулж, өндөр хөгжилтэй орнуудын атомын цахилгаан станц ашиглаж ирсэн туршлагыг харгалзан атомын эрчим хүчний нөөцийг цахилгаан хангамжийн нэгэн чухал эх үүсвэр болгох чиглэл баримтална.
 
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
 
            4.1.Нэгдүгээр үе шат буюу ойрын хугацаа /2007-2012 он/-нд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
          4.1.1.Эгийн гол дээр 220 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барьж  220 кВ-ын шугамаар төвийн эрчим хүчний системд холбох;
 
          4.1.2.Оюутолгой, Цагаан суварга болон говийн бүсийн ордуудыг ашиглахад эхний ээлжинд цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах зорилгоор Улаанбаатар-Мандалговь-Оюутолгойн  220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам барих, цаашид Тавантолгойн коксжих нүүрсний уурхайг түшиглүүлэн 300 МВт-аас доошгүй хүчин чадалтай цахилгаан станц барьж төвийн эрчим хүчний системд холбох;
 
          4.1.3.Улаанбаатар хотод 100-аас доошгүй МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж хотын дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх; 
 
          4.1.4.төвийн бүсэд 50-иас доошгүй МВт хүчин чадалтай усан цэнэгт цахилгаан станц барих асуудлыг шийдвэрлэх; 
 
          4.1.5.Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчилж өргөтгөх;
 
          4.1.6.Нялга, Чойрын хүрэн нүүрсний бүлэг ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор барьж цахилгаан эрчим хүчийг экспортлох;
 
         4.1.7.Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглүүлж 15-20 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьсны үндсэн дээр Баянхонгор аймгийн 110 кВ-ын дэд станцаас Тайширын усан цахилгаан станц хүртэл 110 кВ-ын шугам барих;
 
          4.1.8.Завхан, Говь-Алтай аймгийн төвийн эрчим хүчний хангамжийг найдваржуулж төвлөрсөн эрчим хүчээр хангахын тулд Дэлгэр мөрөн дээр Чаргайтын усан цахилгаан станц, Могойн голын нүүрсний уурхайг түшиглүүлэн цахилгаан станц барьж Улиастай хүртэл 110 кВ–ын шугам барих;
 
          4.1.9.Нүүрст хотгорын нөөцийг ашиглаж Ачит нуурын дулааны цахилгаан станц барих асуудлыг судалж  шийдвэрлэх;
 
          4.1.10.Алтанцөгц-Асгатын ордын чиглэлд цахилгаан дамжуулах 110 кВ-ын агаарын шугам барих;
 
          4.1.11.Даланзадгадыг Тавантолгойн цахилгаан станцтай холбох;
          4.1.12.Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
 
          4.1.13.газрын гүний дулааныг ашиглах бүрэн хэмжээний судалгаа хийх;
          4.1.14.салхины эрчим хүч ашиглан салхин парк байгуулж, тэдгээрийг төвлөрсөн эрчим хүчний системд холбох.
 
            4.2.Хоёрдугаар үе шат буюу дунд шатны хугацаа /2012-2022 он/-нд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
          4.2.1.Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих;
 
          4.2.2.Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас Ховдын Мянгадын 110 кВ-ын хүчдэлтэй дэд станц хүртэл 220 кВ-ын хүчдэлтэй 62 км шугам татаж, Мянгадын дэд станцыг өргөтгөж холбох;
 
          4.2.3.Орхон гол дээр 100 МВт хүчин чадалтай Усан цахилгаан станц барьж 220 кВ-ын шугамаар төвийн эрчим хүчний системд холбох; 
 
          4.2.4.зүүн бүсэд Багануураас Өндөрхаан, Чойбалсангийн чиглэлд 220 кВ-ын хүчдэлтэй 450 км шугам барих;
 
          4.2.5.Дөргөний усан цахилгаан станц  Улиастайн хооронд 360 км урт 220 кВ-ын шугам татан баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн систем байгуулж баруун бүсийн 5 аймгийг холбосон эрчим хүчний нэгдсэн систем бий болгох;
 
          4.2.6.Сэлэнгэ мөрөн дээр Бүрэн, Шүрэнгийн усан цахилгаан станц барих асуудлыг шийдвэрлэх;
 
          4.2.7.газрын гүний дулааныг ашиглан 10-15 МВт-ын дулааны цахилгаан станц барих;
 
          4.2.8.говийн бүсэд том чадлын нарны станц болон салхин парк байгуулж төвлөрсөн эрчим хүчний системд холбох;
 
          4.2.9.атомын цахилгаан станц барих болон говийн аймгуудад нарны эрчим хүчийг ашиглан том хүчин чадлын станц барих боломжийг судалж шийдвэрлэх.
 
4.3.Гуравдугаар үе шат буюу хэтийн хугацаа /2022-2040 он/-нд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
          4.3.1.Улаанбаатар, Улиастайн хооронд 400 кВ-ын хүчдэлтэй томоохон хүчин чадлын транзит шугам татаж баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системийг төвийн бүсийн эрчим хүчний системтэй холбон Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг байгуулах; 
 
Баруун бүсийн цахилгаан хэрэглээ нь 80 МВт хүрэх үед энэхүү транзит шугам нь тус улсын эрчим хүчний нэгдсэн систем үүсгэсэн тэнхлэг шугам болох бөгөөд бүс нутгийн аль нэг талд байгаа илүүдэл эрчим хүчийг нөгөө талд ашиглах бололцоотой болж хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг сайжруулна.
 
          4.3.2.Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем байгуулахад одоогийн эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийг өөрчлөн шинэчилж, зах зээлийн нөхцөлд дэлхийн бусад оронд тогтвортой, үр ашигтай ажиллаж чадах нь нотлогдсон, ашиглалтын хамгийн бага зардалтай, Монгол Улсын эдийн засгийн онцлог нөхцөлд тохирсон, хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх боломжтой томоохон чадлын усан цахилгаан станц барих асуудлыг тэргүүн ээлжинд авч үзэх;
 
          4.3.3.том чадлын нарны станц болон салхин паркийн хүчин чадлыг нэмэгдүүлж нөхөн сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах бодлогыг хэрэгжүүлэх.
 
Тав. Сумдын цахилгаан эрчим хүчний хангамж
 
5.1.Монгол улсын хэмжээнд 331 сум, суурин байгаагийн 200 сумыг нь эрчим хүчний төвлөрсөн хангамжид холбоод байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр 12 сумын төвийг цахилгаанаар хангаж, 2009 он гэхэд 90 гаруй сумыг  төвлөрсөн эрчим хүчний системд холбоно. 
 
5.2.Төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдох боломжгүй алслагдсан сумдыг бага оврын нүүрс хийн цахилгаан станц, нар, салхи, дизель-ус, дизель-салхи гэх мэт эрчим хүчний бусад эх үүсвэрээр ойрын хугацаанд хангана.
 
5.3.Төвлөрсөн системд холбох нь сумдыг найдвартай цахилгаан хангамжтай болгож, орон нутаг хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ. Сумдад жижиг дунд үйлдвэр болон үйлчилгээний салбар хөгжүүлэх замаар сумын цахилгааны хэрэглээг нэмэгдүүлж шугамын хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх бодлого баримтална.
 
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион 
байгуулалт,  түүний санхүүжилт
 
6.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагуудтай хамтран удирдан зохион байгуулна. 
 
6.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн идэвхитэй хамтын ажиллагаанд тулгуурлана. 
 
6.3.Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 3 жилд нэг удаа Засгийн газарт тайлагнах бөгөөд Засгийн газар уг тайланг Улсын Их Хуралд танилцуулж байна.
 
6.4.Хөтөлбөрийн санхүүжилт  дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
 
6.4.1.улсын  болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт;
                        6.4.2.дотоод, гадаадын хөрөнгө оруулалт;
6.4.3.гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөрөнгө;
6.4.4.хувийн хөрөнгө оруулалт;
6.4.5.бусад эх үүсвэр.
 
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
 
7.1.Эрчим хүчний нэгдсэн систем байгуулснаар Монгол Улсад цахилгаан хангамжийг хамгийн үр ашигтай, алдагдал багатай, хэмнэлттэй горимоор ажиллуулах нөхцөл бүрдэж, улмаар эдийн засаг, нийгмийн хөгжлийг бүхэлд нь түргэтгэж эдийн засгийн аюулгүй байдал баталгаажина. 
 
7.2.Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх цахилгаан станцууд нь  харилцан бие биенээ нөхөн ажиллах, түүнчлэн улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай, аюулгүй байдлыг хангах, гадаадаас хамааралгүйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлж, улмаар эрчим хүч экспортлох боломжтой болно.
 
7.3.Эрчим хүчний үйлдвэрүүдийн өрсөлдөх боломж бүрдэн өртөг зардал буурах, нэгдсэн үнэ тариф мөрдөх боломж  хангагдсанаар бүс нутгуудад жижиг, дунд үйлдвэр болон үйлчилгээг жигд хөгжүүлэх, улс орны мэдээллийн технологийн нэгдсэн сүлжээг үүсгэх боломж нээгдэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх таатай нөхцөл бүрдэнэ. 
 
7.4.Эдийн засгийн бүсүүдэд олборлох, боловсруулах, жижиг, дунд үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарыг нэмэгдүүлэн ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ.
 
7.5.Хүн амын зохистой нягтрал бий болохуйц хөгжлийн орчин нөхцөлийг бүрдүүлэн хот, хөдөөгийн ялгааг багасгаж, төв рүү тэмүүлсэн нүүдлийг зохицуулахад нөлөөлнө. 
 
7.6.Усан цахилгаан станцыг дулааны цахилгаан станцтай хослуулан ажиллуулснаар их хэмжээний нүүрсний нөөцийг хэмнэх, байгаль орчныг хамгаалах, эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа, үр ашгийг дээшлүүлнэ. 
 
 
 
 
 
- о О о -
 
Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх