Дэмжих тарифыг тооцох хууль, эрх зүйн үндэслэл
1. Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11дүгээр зүйлийн 11.2 дугаар заалт: “Энэ хуулийн 11.1-д заасан үүсгүүр /сэргээгдэх эрчим хүч/-ээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно”
2. Монгол Улсын Их Хурлын Байнгын Хорооны “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай 2015 оны 2-р тогтоолын 2.3дугаар заалт: “Эрчим хүчний үнэ тарифыг тооцохдоо чадлын тариф, ногоон тариф нэвтрүүлж, холболтын төлбөрийн тогтолцоог бий болгох...”
Дэмжих тарифыг нэвтрүүлэх эдийн засгийн үндэслэл
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг нүүрсээр ажилладаг эх үүсгүүрээс гадна импортын болон салхин эх үүсвэрээс хангадаг.
Нийт хэрэглээний 95 орчим хувийг дулааны, 4-5%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байна.
Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсан ба сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг дараах байдлаар тогтоосон байдаг. Үүнд:
·Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар /өнөөгийн байдлаар 160-190 төг/,
·5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар /өнөөгийн байдлаар 90-120 төг/,
·Нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам. доллар /өнөөгийн байдлаар 300-360 төг/.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан нь дулааны цахилгаан станцын болон импортоор худалдан авах 1 кВт.ц цахилгааны өртгөөс харьцангуй өндөр үнээр буюу валютын ханшнаас хамаарч 180-190 төг/кВт.ц-аар нийлүүлэгддэг учраас тодорхой хэмжээний зөрүү үүсдэг.
Энэхүү эх үүсгүүрээс шалтгаалсан үнийн зөрүүг аль нэг төрлийн эрчим хүчний тарифт шингээх замаар бус “сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф” болгон нэвтрүүлж, хэрэглэгчийн хэрэглэсэн 1 кВт.ц тутамд 4 төг байхаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон. Өрхийн цахилгаан хэрэглээний төлбөрт эзлэх байдлаар нь тооцож үзвэл сард дунджаар 200кВт.ц цахилгаан хэрэглэдэг бол дэмжих тарифын төлбөрт 800 төгрөг /НӨАТ-гүй/ нэмэгдэнэ. Энэ нь нийт цахилгааны төлбөрийн 3.4%-ийг эзлэхээр байна.
Дэлхийн олон улс оронд байгалийн баялагийн нөөцөөс хараат эрчим хүчний үйлдвэрлэлийг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын хүрээнд дэмжих тариф буюу ногоон тарифын тогтолцоог нэвтрүүлсэн байдаг. Таны цахилгааны төлбөрт тусгагдсан дэмжих тарифын тооцоо нь эх орон, байгаль дэлхийдээ ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр юм.