Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

ТӨРӨӨС ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО /2015-2030/

Монгол Улсын Их Хурлын 2015 оны
63 дугаар тогтоолын хавсралт
 
 
ТӨРӨӨС ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
/2015-2030/
 
Нэг.Нийтлэг үндэслэл
 
          1.1.Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар мөн.
 
          1.2.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын зорилго нь улс орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах, цаашид эрчим хүч экспортлогч орон болоход оршино.
 
          1.3.Эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох, анхдагч эрчим хүчний олборлолт, түлшний нөөц бүрдүүлэлт, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хангалтын үйл ажиллагаа, эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний салбарыг зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү бодлогын баримт бичгийг үндэслэл болгоно.
 
          1.4. Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
 
                    1.4.1.Монгол Улс нь анхдагч эрчим хүчний хувьд баялаг нөөцтэй бөгөөд нүүрс, газрын тос, уран, сэргээгдэх эрчим хүчний тогтоогдсон нөөц болон шатдаг занар, байгалийн хийн баялаг ихтэй.
 
                    1.4.2.Монгол Улсын эрчим хүчний салбар нь газар нутгийн алслагдмал байдал, дэд бүтцийн хөгжлөөс хамааран Баруун, Төв, Зүүн бүс болон Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байна.
 
                    1.4.3.Улсын хэмжээнд цахилгаан үйлдвэрлэлийн нийт суурилагдсан хүчин чадлын 85 хувийг нь нүүрсээр ажилладаг дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх станц, 5 хувийг салхин парк, 7 хувийг дизель станц, 2 хувийг усан цахилгаан станц, 0.62 хувийг бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүрдүүлж, цахилгаан хангамжийн 80 хувийг дотоодод үйлдвэрлэж, импортоор 20 хувийг авч ашиглаж байна.
 
                    1.4.4.Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт төлөвлөгдсөн том чадлын эх үүсвэрийн төслүүд цаг хугацаандаа хэрэгжээгүйгээс системийн хэмжээнд суурилагдсан хүчин чадлын нөөц зохих түвшнээс багасаж, оргил ачааллын горимд ажиллах, системийн тогтворжилтыг хангах дотоодын эх үүсвэргүй байдал хэвээр байна. Импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ нийт хэрэглээний 20 хувьд хүрээд байна.
 
                    1.4.5.Цахилгаан, дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ бодит зардлаас доогуур тогтоогдож ирсэн нь эрчим хүчний салбарын үйлдвэрүүд санхүүгийн хувьд бие даан хөрөнгө оруулалт, их засвар, техник, технологийн шинэчлэлтээ зохих түвшинд хийж чадахгүй байна. Эрчим хүчний салбар 2014 онд 68 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан байна.
 
                    1.4.6.Эрчим хүчний үнэ тариф доогуур, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй нь шинээр эхлэх том чадлын төслийн санхүүжилтийг босгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад сөргөөр нөлөөлж байна.
 
                    1.4.7.Ашиглалтад байгаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнодын дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх сүлжээний дийлэнх хувь нь 1960-1980 онд баригдсан бөгөөд салбарын хүрээнд насжилт өндөр тоног төхөөрөмжийн эзлэх хувь өндөр байна.
 
                        1.4.8.Улсын хэмжээнд цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ 14.4 хувь, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний алдагдал 13.7 хувь байгаа нь хөгжингүй орнуудын жишгээс 1.3-аас 1.7 дахин өндөр байна. Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн түвшинд хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
 
            Хоёр.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын алсын хараа,                                       тэргүүлэх чиглэл, баримтлах тулгуур зарчим
 
          2.1.Алсын хараа нь улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, хувийн хэвшил, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлд суурилсан үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий, цахилгаан эрчим хүч экспортлогч орон болоход оршино.
 
         2.2.Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хүрсэн түвшин, тулгамдаж байгаа асуудал, дэлхийн хөгжлийн чиг хандлагад үндэслэн “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ын тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлж байна:
 
                    2.2.1.эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдал;
                    2.2.2.үр ашиг, бүтээмж;
                    2.2.3.байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжил.
 
          2.3.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах зорилго, зорилтыг тодорхойлоход дараах тулгуур зарчмыг баримталж байна:
 
                   2.3.1.улс орны эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангасан байх;
 
                    2.3.2.эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан байх;
                    2.3.3.иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн байх;
                    2.3.4.байгаль орчинд ээлтэй байх;
                    2.3.5.үр ашиг, хэмнэлттэй байх;
                     2.3.6.шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгт суурилсан байх.
 
            Гурав.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах стратегийн зорилго, 
                                    түүнийг хэрэгжүүлэх зорилт
 
          3.1.Монгол Улсын эрчим хүчний нөөц боломж, тулгамдаж байгаа асуудалд үндэслэн Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод дараах стратегийн зорилгыг дэвшүүлж байна:
 
          Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
 
                        3.1.1.эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах;
 
                        3.1.2.бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
 
                    3.1.3.эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах.
 
            Эрчим хүчний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
 
                        3.1.4.эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх;
 
                        3.1.5.эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх.
 
          Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжих тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
 
                        3.1.6.сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах.
 
            3.2.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын стратегийн зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зорилтыг дэвшүүлж байна:
 
                        3.2.1.стратегийн нэгдүгээр зорилго буюу эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах хүрээнд:
 
                                    3.2.1.1.анхдагч эрчим хүч, түлшний хангамжийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх;
 
                                    3.2.1.2.эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах эх үүсвэрийн чадлын нөөцийг бий болгох;
 
                                    3.2.1.3.эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны ачааллын хэлбэлзлийг тохируулж, хэвийн найдвартай ажиллагааг хангах тохируулгын эх үүсвэрийг бий болгох;
 
                                    3.2.1.4.хот, суурин газрын дулаан хангамжийн чанар, хүртээмжийг сайжруулах, дулаан хангамжийн дэд бүтцийг хөгжүүлэх;
 
                                    3.2.1.5.бүс нутгийн эрчим хүчний системийг дамжуулах чадал өндөр цахилгаан дамжуулах шугамаар холбож, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах;
 
                                    3.2.1.6.цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, хэрэглэгчид хүргэх эрчим хүчний чанарыг сайжруулах.
 
                    3.2.2.стратегийн хоёрдугаар зорилго буюу бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд:
 
                                    3.2.2.1.хөрш орнуудтай эрчим хүч импортлох, экспортлох урт хугацааны харилцан ашигтай гэрээ байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
 
                                    3.2.2.2.олон улсын байгууллага, бүс нутгийн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааны санал санаачилгад идэвхтэй оролцох, хамтран ажиллах;
 
                                    3.2.2.3.Монгол орны говийн бүсийн нар, салхины арвин нөөцөд тулгуурлан том чадлын сэргээгдэх эрчим хүчний цогцолбороос Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан экспортлох Гобитек-Азийн нэгдсэн сүлжээ санаачилгыг  хэрэгжүүлэхэд бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах;
 
                                    3.2.2.4.эрчим хүчний чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах.
 
                    3.2.3.стратегийн гуравдугаар зорилго буюу эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах хүрээнд:
 
                                    3.2.3.1.эрчим хүчний инженер-техникийн ажилтан бэлтгэх дотоодын сургалтын байгууллагын сургалтын чанарыг сайжруулах, салбарын инженер-техникийн ажилтан, менежерийн чадамжийг олон улсын түвшинд хүргэх;
 
                                    3.2.3.2.эрчим хүчний эдийн засаг, үйлдвэрлэл, туршилт, тохируулгын судалгаа, хөгжлийн үндэсний хүрээлэнг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх;
 
                                    3.2.3.3.эрчим хүчний салбарын хүний нөөцийн балансыг зохистой түвшинд хадгалан удирдлагын бүх түвшинд мэргэжлийн боловсон хүчний шаталсан байршуулалтын тогтолцоог мөрдөх.
 
                    3.2.4.стратегийн дөрөвдүгээр зорилго буюу эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх хүрээнд:
                             
                                    3.2.4.1.бодит өртөг, ашгийн зохих түвшинг хангасан, үнэ тарифийн тогтолцоог бий болгож, салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангах;
 
                                    3.2.4.2.эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;
 
                                    3.2.4.3.эрчим хүчний салбарыг зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх.
 
                    3.2.5.стратегийн тавдугаар зорилго буюу эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд:
 
                                    3.2.5.1.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны удирдлага, хяналт, мэдээллийн системийг тоон системд бүрэн шилжүүлж нэгдсэн ухаалаг сүлжээг бий болгох;
 
                                    3.2.5.2.эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;
 
                                    3.2.5.3.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх сүлжээн дэх алдагдлыг бууруулах;
 
                                    3.2.5.4.үндэсний хэмжээнд эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэглэгч талын менежментийг хөгжүүлэх;
 
                              3.2.5.5.эрчим хүчний хэрэглээ тооцох механизмыг бүрэн хэмжүүржүүлэх.
 
                    3.2.6.стратегийн зургадугаар зорилго буюу сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүрээнд:
 
                                    3.2.6.1.Монгол орны сэргээгдэх эрчим хүч /нар, салхи, ус, газрын гүний дулаан, биомасс зэрэг/-ний нөөцийг нарийвчлан тогтоох, мэдээллийн санг бүрдүүлэх, шинэ техник, технологийн судалгаа, шинжилгээ хийх байгууллагыг хөгжүүлэх;
 
                                    3.2.6.2.эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх;
 
                                    3.2.6.3.сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүй, татварын таатай орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн механизмыг бий болгох;
 
                              3.2.6.4.айл өрх, аж ахуйн нэгж, алслагдсан суурин, баг, бие даасан хэрэглэгчийн эрчим хүчний хангамжид нар, салхи, биомасс, шингэн болон хийн түлш, газрын гүний дулаан, түлшний элемент, бусад шинэ эх үүсвэрийг ашиглах, илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэхийг дэмжих;
 
                              3.2.6.5.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааны байгаль орчин, экологид үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах;
 
                              3.2.6.6.байгаль орчны нөлөөллийн хяналтыг сайжруулах.
 
            Дөрөв.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үе шат, удирдлага зохион байгуулалт, үнэлгээ, шалгуур үзүүлэлт, 
хүрэх үр дүн
 
          4.1.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг үндсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
 
          Нэгдүгээр үе шат /2015-2023 он/: түлш, эрчим хүчний эх үүсвэрийн чадлын нөөцийг бүрдүүлж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурийг бий болгох, эрчим хүчний нормативын баримт бичгийн тогтолцоог төгөлдөржүүлж, олон улсын стандартыг нутагшуулах, эрх зүйн орчныг сайжруулах үе.
 
                        4.1.1.Нэгдүгээр үе шатанд хүрэх үр дүн: Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үр ашиг өндөртэй өндөр параметрийн тоноглолыг ашиглаж эхлэх бөгөөд нийт суурилагдсан чадлын 10-аас доошгүй хувийг усны эх үүсвэрээр бүрдүүлж, нөөц чадлыг 10 хувьд хүргэн, сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Бодит үнэ тарифын тогтолцоог бий болгож, эрчим хүчний салбарыг эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнд:
 
                                    4.1.1.1.Улаанбаатарын 5 дугаар дулааны цахилгаан станц, Тавантолгойн, Багануурын дулааны цахилгаан станцууд баригдсан байх;
 
                                    4.1.1.2.экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн байх;
 
                                    4.1.1.3.системийн горим тохируулах Эгийн голын усан цахилгаан станц баригдсан байх;
 
                                    4.1.1.4.баруун бүсэд дулааны цахилгаан станц, Ховд голд усан цахилгаан станц, зүүн бүсэд Дорнодын дулааны цахилгаан станц баригдсан байх;
 
                                    4.1.1.5.Багануур-Чойр, Улаанбаатар-Мандалговь, Багануур-Улаанбаатар, Багануур–Өндөрхаан-Чойбалсан, Чойр-Сайншанд, Мандалговь-Арвайхээр, Дөргөн-Улиастай-Улаанбаатарын бүс нутгийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамууд баригдсан байх;
 
                                    4.1.1.6.эрчим хүчний үнэ тариф индексжин, эрчим хүчний салбар зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар ажиллаж, санхүүгийн хувьд бие даасан байх;
 
                                    4.1.1.7.дамжуулах сүлжээг төрийн өмчлөлд хадгалан, түгээх, хангах үйл ажиллагаа, төрийн өмчит эрчим хүчний үйлдвэрүүдийг нээлттэй хувьцаат компани болгох замаар үе шаттайгаар хувьчилсан байх, эрчим хүчний салбарын хувьчлагдсан үйлдвэрүүдийг техник технологи, өргөтгөл шинэчлэлдээ зориулж санхүүжилт босгоход төрөөс дэмжих тогтолцоо бүрдсэн байх;
 
                                    4.1.1.8.дотоодын эрчим хүчний судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаа нь тогтмолжиж, эрчим хүчний мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах сургалтын байгууллагуудын сургалтын чанар, стандарт хөгжингүй орнуудын жишигт хүрсэн байх;
 
                                    4.1.1.9.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн хяналт удирдлагыг цогц системд шилжүүлж эхэлсэн байх.
 
          Хоёрдугаар үе шат /2024-2030 он/: Цахилгаан эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэх үе.
 
            4.1.2.Хоёрдугаар үе шатанд хүрэх үр дүн: Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн аюулгүйн нөөцийг 20-оос доошгүй хувьд хүргэж, нийт суурилагдсан чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ 30 хувьд хүрнэ. Бүсүүдийг өндөр хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугамаар холбож, мэдээллийн хяналт удирдлагыг цогц систем бүхий эрчим хүчний нэгдсэн ухаалаг системийг бий болгоно. Түгээх, хангах сүлжээг бүрэн хувьчилж, эрчим хүчний салбарыг зохицуулалттай, өрсөлдөөний зарчмаар ажиллуулна. Хөрш орнуудтай их чадлын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар холбогдож цахилгаан эрчим хүч экспортлох үе. Үүнд:
 
                                    4.1.2.1.Монгол Улсыг бүхэлд нь хамарсан эрчим хүчний нэгдсэн систем байгуулагдсан байх;
 
                                    4.1.2.2.Сэлэнгэ мөрний ай савд том чадлын усан цахилгаан станц, өмнөд бүсэд нийт 300 МВт чадалтай салхин парк, нарны станцууд, экспортын зориулалтын том чадлын цахилгаан станц, дамжуулах шугам баригдсан байх;
 
                                    4.1.2.3.эрчим хүчний чанар, тасралтгүй найдвартай хангамж хөгжингүй орнуудын жишигт хүрэх;
 
                                    4.1.2.4.Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний худалдаанд идэвхтэй оролцогч орнуудын нэг болсон байх;
 
                                    4.1.2.5.инноваци, өндөр технологийн чиглэлээр эрчим хүчний үндэсний судалгааны тогтолцоо бий болсон байна;
 
                                    4.1.2.6.эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан чадал, нийт үйлдвэрлэлд хувийн хэвшлийн оролцоо давамгайлсан байх;
 
                                    4.1.2.7.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн хяналт удирдлагыг цогц системд бүрэн шилжүүлж, нэгдсэн ухаалаг сүлжээтэй болсон байх.
 
          4.2.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг дараах байдлаар тогтоож, 2014 оны тоон мэдээллийг суурь болгон авч үзнэ:
 
Шалгуур үзүүлэлт Шалгуур үзүүлэлтийн тоон хэмжээ
2014 он
/суурь он/ Нэгдүгээр
үе шат
/2023 оны түвшинд/ Хоёрдугаар
 үе шат
/2030 оны түвшинд/
Цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадлын нөөц -10% 10%-иас багагүй 20%-иас багагүй
Томоохон хотуудын дулааны эх үүсвэрийн чадлын нөөц 3% 10%-иас багагүй 15%-иас багагүй
Төвийн бүсийн цахилгааны үнийн бүтцэд ногдох ашгийн хэмжээ -16.22% 0% 5%
Дулааны цахилгаан станцуудын  дотоод хэрэгцээ 14.4% 11.2% 9.14%
Цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал /Оюутолгойн импорт ороогүй/ 13.7% 10.8% 7.8%
Дотоодын хэрэгцээний нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх  хэмжээ 7.62% 20% 30%
1 Гкал эрчим хүч үйлдвэрлэхэд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ 0.52 тонн СО2 эквивалент 0.49 тонн СО2 эквивалент 0.47 тонн СО2 эквивалент
Барилгын дулааны алдагдлыг бууруулах хэмжээ 0% 20% 40%
Эрчим хүчний үйлдвэрлэлд нэвтэрсэн байх технологийн дэвшил Өндөр даралтат технологи Саб критикал даралтат  технологи,
Байгалийн хийг ашиглах,
Их чадлын цэнэг  хураагуурын систем, ус хуримтлуурын станц Супер критикал, хэт супер критикал даралтат технологи,
Устөрөгч ашиглах,
 Нарны илчийг ашиглах технологи
         
            Тав.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хэрэгжилт, 
санхүүжилтийн эх үүсвэр
 
          5.1.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ нь дунд хугацааны эрчим хүчний үндэсний хөтөлбөрөөр тодорхойлогдох бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлнэ.
 
          5.2.Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх суурь дэд бүтцийг бүрдүүлдэг, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай стратегийн салбарын хувьд хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг төрөөс тэргүүн ээлжид анхаарна.
 
          5.3.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийг дараах эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
 
                    5.3.1.төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
 
                    5.3.2.хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах;
                    5.3.3.улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөр;
                    5.3.4.олон улсын санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа;
                    5.3.5.зээл;
                    5.3.6.бусад эх үүсвэр.
 
 
 
--- oOo ---
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх