Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

2007 оны  01 сарын 11 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

            1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            1.1. Энэ хуулийн зорилт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл. Хууль тогтоомж

            2.1. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль тогтоомж нь Эрчим хүчний тухай хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан үйлдвэрлэж, нийлүүлж байгаа хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.

3.2. Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч өөрийн хэрэгцээг хангах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. “сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр” гэж нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулаан, биомасс зэрэг байгалийн байнга нөхөн сэргэх нөөцийг;

4.1.2. “биомасс” гэж ургамал, органик хаягдлыг;

4.1.3. “сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр” гэж энэ хуулийн 4.1.1-д дурдсан эх үүсвэрийг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийг;

4.1.4. “сэргээгдэх эрчим хүч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан байгууламжийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг;

4.1.5. “сэргээгдэх эрчим хүчний бие даасан үүсгүүр” /цаашид ”бие даасан үүсгүүр” гэх/ гэж эрчим хүчний дамжуулах сүлжээнд холбогдоогүй дан болон хосолсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг;

4.1.6. “үйлдвэрлэгч”  гэж Эрчим хүчний тухай хуулийн 13.1-д заасан цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг;

4.1.7. “дамжуулагч” гэж  Эрчим хүчний тухай хуулийн 14.1-д заасан цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг;

4.1.8. “хэрэглэгч” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.13-д заасан иргэн, хуулийн этгээдийг.

4.1.9.“дэмжих тариф” гэж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор эрчим хүчний үнэд шингээсэн тарифыг.

/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ  
Төрийн байгууллагын бүрэн эрх

            5 дугаар зүйл. Сэргээгдэх  эрчим  хүчний талаархи төрийн

                                                байгууллагын  чиг үүрэг

            5.1. Улсын Их Хурал сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж,  улсын төсвийн хөрөнгөөр баригдсан бие даасан үүсгүүрийг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

5.2. Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, бие даасан үүсгүүрээр хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангах  сумдын жагсаалтыг батлана.

            5.3. Эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        5.3.1. сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг  боловсруулж,  хэрэгжүүлэх;

5.3.2. улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн техник, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг боловсруулах;

                        5.3.3./Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        5.3.4. сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах.

                        5.3.5.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэх болон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах дүрэм, журмыг боловсруулж, батлах;

/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.3.6.сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа хийх;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

                       

                        5.3.7.сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар, үйлчилгээний норм, дүрэм, стандартыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих.

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.4./Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            5.5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

                        5.5.1. сэргээгдэх   эрчим   хүчний   үүсгүүрийг   байршуулах    газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах;

5.5.2. сэргээгдэх  эрчим   хүчний  үүсгүүр    байршуулах  зориулалтаар газар эзэмшүүлэх,   ашиглуулах асуудлыг  хууль тогтоомжид заасан журмын   дагуу шийдвэрлэх;

      5.5.3. аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сэргээгдэх эрчим хүч  ашиглахын ач холбогдлыг сурталчлах;

                        5.5.4. орон нутгийн өмчийн бие даасан үүсгүүрийг иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэх.

/Энэ хэсгийн дугаарыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

5.6. Эрчим хүчний зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

      5.6.1. дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгчийн үйлдвэрлэн нийлүүлэх эрчим хүчний үнийн тооцоог  хянаж, энэ хуулийн 11   дүгээр зүйлийн дагуу тарифыг батлах;

                        5.6.2. дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгчийн дамжуулагчтай байгуулах гэрээний загварыг батлах,  уг  гэрээний хэрэгжилтэд хяналт тавих.

5.6.3.хэрэглэгчийн худалдан авах дэмжих тарифын хэмжээг тогтоох;

/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

                        5.6.4.цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үйлчлэх хугацаа дууссаны дараа үнэ, тарифыг тухай бүр тогтоох.

/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тусгай зөвшөөрөл             6 дугаар зүйл. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих 6.1. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрчим хүчний барилга байгууламж  барих тусгай зөвшөөрөл авна.

6.2. Энэ хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч  байж болно.

7 дугаар зүйл. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл

            7.1. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 13.1-д заасан цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл  авна.

            7.2. Дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгч  дараахь эрх, үүрэгтэй:

                        7.2.1. сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрт хамгийн ойр орших дамжуулах сүлжээний холбох цэгт цахилгаан эрчим хүч нийлүүлэх;

7.2.2. сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс дамжуулах сүлжээний холбох цэг хүртэлх цахилгаан дамжуулах зардлыг  хариуцах;

            7.2.3. диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тавьсан шаардлагыг биелүүлэх.

7.3. Бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч дараахь эрх, үүрэгтэй:

            7.3.1. үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд баталгаат тоолуураар нийлүүлэх;

           

            7.3.2. тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчдэд худалдсан цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг Засгийн газраас нөхөн авах. 

/Энэ заалтад 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4. Энэ хуулийн 11.2 дахь хэсэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр эрчим хүч үйлдвэрлэгчид хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.5. Бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч нь эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байна.

7.6. Бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч нь эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байж болно.

8 дугаар зүйл. Дамжуулагчийн  үүрэг

8.1. Дамжуулагч  дараахь үүрэгтэй:

           

8.1.1. үйлдвэрлэгчээс нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу батлагдсан тарифаар худалдан авах;

            8.1.2. үйлдвэрлэгчээс нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг эрчим хүчний дамжуулах сүлжээний хуваарилах байгууламжид техникийн шаардлагын дагуу холбох, өргөтгөл хийх, түүний зардлыг хариуцах.

9 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авах

9.1. Сонирхогч хуулийн этгээд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих, буюу  үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд гаргана.

/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2. Энэ хуулийн 9.1-д заасан  хүсэлтэд  Эрчим хүчний тухай хуулийн 21.2-т зааснаас гадна дараахь  баримт бичгийг хавсаргана:

            9.2.1.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг байршуулах зориулалтаар олгосон газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.2. сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрт ашиглагдаж хугацаа нь дууссан зай хураагуурыг дахин боловсруулах, устгах төлөвлөгөө;

9.2.3. усны эрчмийг ашиглах барилга байгууламж барих бол газрын хөрс, ургамал, геологи, гидрогеологийн нөхцөл, газар зүйн байрлал, газрын гадаргуу, уур амьсгал, агаарын даралт, салхины горим болон ус зүйн судалгааны материал;

9.2.4. сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж нь олон улсын болон үндэсний стандартыг хангаж байгаа тухай   эрх бүхий байгууллагын дүгнэлт.

9.3. Тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн хугацааг  сунгах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэгтэй холбогдсон харилцааг Эрчим хүчний тухай хуульд  заасны дагуу зохицуулна.

            10 дугаар зүйл. Цахилгаан эрчим хүч худалдах,

                                                худалдан авах гэрээ

            10.1. Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай үйлдвэрлэгч, дамжуулагчийн хоорондын гэрээг Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан загварын дагуу байгуулна.          

/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            10.2. Энэ хуулийн 10.1-д заасан гэрээнд үйлдвэрлэн нийлүүлэх цахилгааны чадал, чанарын үзүүлэлт,  хэмжээ, тариф, хугацаа, цахилгааны тоолуур, хэмжих хэрэгслийн байршил, түүний төрөл, загвар, нарийвчлал, итгэлцүүрийн хэмжээ, дугаар, цахилгааны төлбөр, тооцооны нөхцөл, гэрээг цуцлах үндэслэл, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг  тусгана.

            10.3.Гэрээний хугацааг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтооно.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Үнэ, тариф

11 дүгээр зүйл.  Сэргээгдэх  эрчим хүчний үнэ, тариф

11.1. Дамжуулах сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо дараахь хязгаарын   хүрээнд тогтооно:

/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.1.1. салхины  эрчим  хүчний  үүсгүүрээр  үйлдвэрлэж  нийлүүлэх

 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам. доллар;

11.1.2. 5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам. доллар; 

11.1.3. нарны   эрчим   хүчний   үүсгүүрээр   үйлдвэрлэж  нийлүүлэх

1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам. доллар.

            11.2.Энэ хуулийн 11.1-д заасан үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.3. Бие даасан үүсгүүрээр үйлдвэрлэн нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл дараахь хязгаарын   хүрээнд тогтооно:

11.3.1. салхины  эрчим  хүчний  үүсгүүрээр үйлдвэрлэж  нийлүүлэх

1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.10-0.15 ам. доллар;

11.3.2. 500 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.10 ам. доллар;  

11.3.3. 501-2000 кВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц  цахилгаан эрчим хүчийг 0.05-0.06 ам.доллар;

11.3.4. 2001-5000 кВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц  цахилгаан эрчим хүчийг 0.045-0.05 ам.доллар;

11.3.5. нарны   эрчим   хүчний   үүсгүүрээр  үйлдвэрлэж    нийлүүлэх

1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.2-0.3 ам. доллар.

            11.4. Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь бие даасан үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг тогтоохдоо дор дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        11.4.1. тухайн  бүс нутгийн газар зүйн байрлал, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал;

                        11.4.2. үнэ, тариф нь хэрэглэгчдийн худалдан авах чадавхид нийцсэн байх.  

11.5. Газрын гүний дулааны эрчим, биомасс болон энэ хуулийн 11.1, 11.3-т зааснаас бусад сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэн нийлүүлэх эрчим хүчний үнийг уг үнэ, тарифын нийгэмд үзүүлэх нөлөөллийг харгалзан  эрчим хүчний зохицуулах газар тогтооно.

11.6.Эрчим хүчний системд холбогдох болон горим тохируулагч усан цахилгаан станцын үнэ, тарифыг бодит өртөг, техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

11.7.Энэ хуулийн 11.1, 11.3-т заасан үнэ, тарифын хязгаарыг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтооно.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

12 дугаар зүйл. Үнэ, тарифын үйлчлэх хугацаа

            12.1.Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 


ТАВДУГААР БҮЛЭГ
Сэргээгдэх эрчим хүчний сан

13 дугаар зүйл. Сэргээгдэх эрчим хүчний сан

13.1. Сэргээгдэх эрчим хүчний сан байгуулах, уг сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль2-иар зохицуулна.

/Дээрх Тавдугаар бүлгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ  
Бусад зүйл

14 дүгээр зүйл. Маргаан шийдвэрлэх

            14.1. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Эрчим хүчний тухай хуульд заасан журмын дагуу  шийдвэрлэнэ.

            15 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

            15.1. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрчим хүчний хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

         15.1.1. энэ хуулийн 8.1.2-т заасныг зөрчсөн дамжуулагчийг 250000 хүртэл төгрөгөөр торгох;

         15.1.2. энэ хуулийн 7.3.2-т заасныг зөрчиж үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан, саатуулсан албан тушаалтныг 50000 хүртэл төгрөгөөр торгох.

15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

            15.1.Энэ хуулийн 7.3.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

            15.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          Ц.НЯМДОРЖ

 


1 Эрчим хїчний тухай хууль. “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001  оны 6 дугаарт нийтлэгдсэн. 

2 Засгийн газрын тусгай сангийн тухай хууль. “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх