Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРЛЫГ ЦАХИМААР ХИЙВ

Дэлхий дахинд тархаад буй Covid-19 коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх тухай Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал /2020.03.24/-ыг анх удаа цахим хэлбэрээр явууллаа. Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 33 байгууллага оролцсоноос 28 нь цахимаар 5 нь биечлэн оролцсон юм.

Үйлдвэр, компани тус бүр 2019-2020 оны өвөлжилтийг давсан талаар товч тайланг танилцуулж шаардлагатай бол цаг үеийн болон тулгамдсан асуудлаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцлоо. Өвөлжилтийн бэлтгэлийг базааж, хяналт шалгалтыг цаг тухай бүрт хийж байсны дүнд хүндэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. 2019 оны техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засвар, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 94-100 хувьтай гарсан талаар танилцуулсан. Мөн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” зэрэг нүүрсний уурхайнуудын төлөөлөл цахимаар холбогдож, нөхцөл байдлаа танилцуулсан юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбарын нийт үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
1. Компанийн 2020 оны батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн гүйцэтгэлийг хангуулан биелэлтийг тайлагнаж ажиллахыг үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт;

2. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерийг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд шуурхай зохион байгуулж ажиллахыг үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт;

3. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад шаардлагатай тоноглолуудад их болон урсгал засвар, ТЗБАХ-ний төлөвлөгдсөн ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж дуусгахыг үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт;

4. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын их болон урсгал засвар, ТЗБАХ, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрмийн дагуу бэлтгэл ажлыг бүрэн хангах арга хэмжээг зөв зохион байгуулах, харилцан уялдаатай хариуцлагатай ажиллахыг үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт;

5. ДЦС-4, ЭДЦС, Чойбалсан дулааны цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэл болон томоохон бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан хугацаанд нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг ДЦС-4, ЭДЦС, ДБЭХС-ийн гүйцэтгэх захирал, төслийн нэгжид;

6. Нэгдсэн системийн томоохон зангилаа дэд станцуудын найдвартай ажиллагааг хангах үүднээс реле хамгаалалтын тавил, автоматикийн тоноглолын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр техникийн арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангахыг Диспетчерийн үндэсний төв, үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт;

7. Хаврын салхи, шуурганы улирал эхэлж байгаатай холбогдуулан цахилгаан дамжуулах шугам, дэд станц, тоноглолд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, илэрсэн гэмтлийг устгах ажлыг шуурхай зохион байгуулж, биелэлтийг 2020 оны 05 дугааар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг ББЭХС, АУЭХС, ДБЭХС, ЦДҮС, түгээх компаниудын гүйцэтгэх захирал нарт;

8. Болзошгүй аваар саатал, онцгой байдал үүссэн үед ашиглах машин механизм, дизель станц, мазут, нүүрсний нөөц, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн бэлэн байдлыг хангах, шуурхай ажиллагааны баг, аюулгүйн болон аваарын сэлбэг материалыг нөөцөд бэлэн байлгах, байнгын хяналт тавьж ажиллахыг үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт;

9. ТАД, ААД болон бусад дүрэм журмыг мөрдөн ажиллах, инженер техникийн ажилтан болон ажиллагсадын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх давтан сургалтыг зохион байгуулж, хяналт шалгалт сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт;

10. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд Засгийн газар, Улсын онцгой комисс, дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг шуурхай хэрэгжүүлж, тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж сахилга хариуцлагатайгаар ажиллах;

11. Ажлын байрны орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, шаардлагатай эмчилгээ, оношлогооны болон эрүүл ахуйн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл (гар угаах зориулалтын газар, биеийн халуун хэмжигч, даралтын аппарат, шингэн саван, нэг удаагийн алчуур, хатаагч, гар ариутгалын бодис, амны хаалт, агааржуулагч болон хор саармагжуулах бусад материал, техник хэрэгсэл гэх мэт)-ийн найдвартай хангалтыг бүрдүүлэх замаар ажлын байранд ажилтан, албан хаагчдаа халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авах;

12. Ажлын тусгай горимд ажиллах төлөвлөгөө, орлон ажиллах схемийг боловсруулж бэлэн байдлыг хангаж ажиллах;

13. Эрчим хүчний сайдын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Түлш, эрчим хүчний албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах тухай 78, 79, 80, 81 дүгээр тушаалууд гарсантай холбогдуулж холбогдох байгууллагууд биелэлтийг хангаж ажиллах /”ДЦС-2” ТӨХК, ”ДЦС-3” ТӨХК, ”ДЦС-4” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК/;

14. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, хот хоорондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан үед шуурхай ажиллагаа, засварын ажилтнууд, машин механизмыг хяналтын цэгүүдээр нэвтрэх асуудлыг Улсын онцгой комиссын 5 дугаар хуралдааны тэмдэглэлийн 9-2-т "хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ, албан томилолт ажлын зайлшгүй шаардлага гэх мэт/ улс, хот хооронд зорчих төрийн албан хаагч болон иргэдийн нотлох баримтыг үндэслэн хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр нэвтрүүлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэхийг Аймаг, нийслэлийн засаг дарга нарт даалгасны дагуу харьяа орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх.

15. Салбарын үйлдвэр компаниудын гүйцэтгэх захирлуудын гэрээг дүгнэхтэй холбогдуулж гэрээний гүйцэтгэлийг яаралтай гаргаж холбогдох албан тушаалтанд хүргүүлэх;

Энэ удаагийн хурлыг цахимаар зохион байгуулснаар үйлдвэр, компаниудын захирлын томилолтын зардал болох 10 гаруй сая төгрөгийг хэмнэж чадсан юм. Мөн байгууллагуудын Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн хурлыг цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд зардал мөнгө, цаг хугацаа хэмнэх гэх мэтчилэн давуу талууд гарч байна. Хурлын үед тасалдал, доголдол гараагүй учир шаардлагатай хурлуудыг цахим хэлбэрээр явуулах юм.

 

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх