Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ

 

 


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

 

2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж

2.1.Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж нь Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."эрчим хүч” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.1-д заасныг;

3.1.2."эрчим хүч хэмнэлт” гэж эрчим хүч хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний эхний болон дараах эрчим хүчний хэрэглээнд хэмжилт буюу тооцоогоор гарсан зөрүүг;

3.1.3."эрчим хүчний үр ашиг” гэж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд ашигтай хэрэглэсэн эрчим хүчийг нийт зарцуулсан эрчим хүчинд харьцуулсан харьцааг;

3.1.4."эрчим хүчний аудит” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрчим хүчний хэрэглээнд шинжилгээ хийж үр ашгийг тооцох, дүгнэлт гаргах, эрчим хүч хэмнэх зөвлөмж өгөх хараат бус үйл ажиллагааг;

3.1.5."эрчим хүчний аудитын байгууллага” гэж энэ хуулийн 3.1.4-т заасан эрчим хүчний аудитын үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгжийг;

3.1.6."эрчим хүчний аудитор” гэж эрчим хүчний аудитын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэнийг;

3.1.7."эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага” гэж үүрэг хүлээсэн хэрэглэгч болон хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх ажил гүйцэтгэх, үйлчилгээг үзүүлэх эрх бүхий аж ахуйн нэгжийг;

3.1.8."үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэж эрчим хүчний хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс давсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;

3.1.9."эрчим хүч хэмнэлтийн менежер” гэж энэ хуулийн 3.1.8-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрх бүхий ажилтныг.

Хэвлэх

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТАЛААРХТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

4 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

4.1.Улсын Их Хурал эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлогыг тодорхойлно.

Хэвлэх

5 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

5.1.Засгийн газар эрчим хүч хэмнэлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах;

5.1.2.эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр батлах;

5.1.3.энэ хуулийн 9.1.9-т заасан журам батлах.

Хэвлэх

6 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

6.1.Төрийн захиргааны төв байгууллага эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

6.1.2.эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай зарцуулах чиглэлээр бараа бүтээгдэхүүн, материал, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон эрчим хүч хэрэглэх машин, тоног төхөөрөмж, барилга байгууламж, ажил, үйлчилгээнд мөрдөх норм батлах, стандарт батлуулах;

6.1.3.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх.

Хэвлэх

7 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангана.

7.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүч хэмнэлтийн талаар орон нутгийн бодлогыг тодорхойлж холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

7.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүч хэмнэлтийн талаар хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх.

Хэвлэх

8 дугаар зүйл. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл

8.1.Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ.

8.2.Эрчим хүчний зохицуулах хорооны бүтцэд эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй тусгайлсан нэгж байна.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрх

9.1.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

9.1.2.эрчим хүч хэмнэлтийн талаар үндэсний хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулах;

9.1.3.үүрэг хүлээсэн хэрэглэгчээс эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн талаар хийсэн ажлын жилийн тайлан, гүйцэтгэлийг гаргуулж авах;

9.1.4.үүрэг хүлээсэн хэрэглэгчийг бүртгэх;

9.1.5.эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох, хүчингүй болгох;

9.1.6.эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх олгох;

9.1.7.эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглээний талаарх мэдээллийн систем бүрдүүлэх, энэ талаар нийтэд сурталчлах, танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах;

9.1.8.эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;

9.1.9.дараах журмыг боловсруулах ажлыг зохион байгуулах:

9.1.9.а.энэ хуулийн 13.3, 13.4-т заасан үйл ажиллагаатай холбогдсон эрчим хүчний аудит хийх журам;

9.1.9.б.эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэхтэй холбоотой журам;

9.1.9.в.эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгохтой холбоотой журам;

9.1.9.г.эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих журам;

9.1.9.д.үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөө, боловсруулах аргачлал, тайлагнах журам;

9.1.9.е.эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам;

9.1.9.ж.холбогдох бусад дүрэм, журам.

9.1.10.эрчим хүчний хэмнэлтийн бодлого, энэ талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жил бүр Засгийн газарт тайлагнах;

9.1.11.эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээтэй холбогдон гарсан аливаа маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх.

9.2.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл нь энэ хуулийн 9.1.7, 9.1.8-д заасан бүрэн эрхийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

Хэвлэх

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

10 дугаар зүйл. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрх, үүрэг

10.1.Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараах эрхтэй:

10.1.1.эрчим хүчний аудитын байгууллагыг сонгох;

10.1.2.эрчим хүчний аудитын зөвлөмж, дүгнэлтийн талаар үндэслэлтэй тайлбар өгөхийг шаардах;

10.1.3.энэ хуулийн 13.4.2-т заасан зөвлөмжийг сонгон хэрэгжүүлэх;

10.1.4.эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд урамшуулал эдлэх.

10.2.Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараах үүрэгтэй:

10.2.1.эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх;

10.2.2.эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэх;

10.2.3.өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;

10.2.4.эрчим хүчний аудитын тайлан, эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх;

10.2.5.эрчим хүч хэмнэлтийн менежерийг томилох, чөлөөлөх, энэ тухай Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэх;

10.2.6.эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон гомдлыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын бүрэн эрх

11.1.Иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах эрх, үүрэгтэй:

11.1.1.эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас зөвлөгөө авах;

11.1.2.сайн дурын үндсэн дээр эрчим хүчний хэрэглээнд аудит хийлгэх.

Хэвлэх

12 дугаар зүйл. Урамшуулал

12.1.Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшууллыг энэ хуулийн 9.1.9.е, Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.8, 6.1.11-д заасан журмаар зохицуулна.

Хэвлэх

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

13 дугаар зүйл. Эрчим хүчний аудитын байгууллага,эрчим хүчний аудитор

13.1.Эрчим хүчний аудитын байгууллага магадлан итгэмжлэлийн үндсэн дээр эрчим хүчний аудитын үйл ажиллагаа явуулна.

13.2.Эрчим хүчний аудитын үйл ажиллагааг энэ хуулийн 9.1.9.а-д заасан журмаар зохицуулна.

13.3.Эрчим хүчний аудитын байгууллага, эрчим хүчний аудитор дараах эрхтэй:

13.3.1.эрчим хүчний аудитын үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай тайлбар, материалыг үүрэг хүлээсэн хэрэглэгчээс гаргуулж авах;

13.3.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр эрчим хүчний хэрэглээнд аудит хийх, дүгнэлт гаргах.

13.4.Эрчим хүчний аудитын байгууллага, эрчим хүчний аудитор дараах үүрэгтэй:

13.4.1.үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээ, үр ашгийг тооцох, дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах;

13.4.2.үүрэг хүлээсэн хэрэглэгчид эдийн засгийн үр ашигтай, техникийн үндэслэлтэй зөвлөмжийг гаргаж өгөх;

13.4.3.үүрэг хүлээсэн хэрэглэгчийн хүсэлтээр зөвлөмж, дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлах.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэхмэргэжлийн байгууллага

14.1.Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага нь магадлан итгэмжлэлийн үндсэн дээр эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг явуулна.

14.2.Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага нь үүрэг хүлээсэн хэрэглэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

14.3.Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага нь үр ашгийн үйлчилгээ үзүүлэхдээ хөрөнгө оруулалт хийж болох ба эрсдэлийг хариуцна.

Хэвлэх

15 дугаар зүйл. Эрчим хүч хэмнэлтийн менежер

15.1.Эрчим хүч хэмнэлтийн менежер нь эрхээ баталгаажуулж гэрчилгээ авсан байна.

15.2.Эрчим хүч хэмнэлтийн менежер дараах эрх, үүрэгтэй:

15.2.1.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс тодорхойлсон үйл ажиллагааны чиглэлийг мөрдөж ажиллах;

15.2.2.эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар үүрэг хүлээсэн хэрэглэгчийн төлөвлөсөн арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах;

15.2.3.үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;

15.2.4.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд жил бүр ажлаа тайлагнах;

15.2.5.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа мэргэшүүлэх сургалтад хамрагдах.

Хэвлэх

 


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

16 дугаар зүйл. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль тогтоомжзөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1.Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч зөрчлийн шинж байдлыг харгалзан доор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

16.1.1.энэ хуулийн 10.2-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

16.2.Эрчим хүчний аудитын байгууллага, мэргэжлийн байгууллага болон эрчим хүчний аудитор нь эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээг хангалтгүй үзүүлсэн нь нотлогдож иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан бол буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж, магадлан итгэмжлэлийг цуцална.

Хэвлэх

17 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

17.1.Энэ хуулийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх