Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 481 тогтоол
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар 115 тоот тогтоол гаргалаа.
Энэхүү тогтоолд “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн болон аймгийн төв, 10000 дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2020 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувь, хөнгөлөх;
Мөн Нийслэлийн, аймгийн төв, 10000 дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг
· 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг,
· 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон байна.
Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр заасан байна.