Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөвлөлт, санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч М.Өлзийнэмэхтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай компанийн үүсэл хөгжил, ололт амжилт, шинэ техник технологийн дэвшил, бүтээн байгуулалтын талаар ярилцлагаа эхлүүлье?
-Баярлалаа. Юуны түрүүнд Танд болон нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчиддээ энэ өдрийн мэнд хүргэе. Манай компани нь Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр 2013 онд шинээр үүсгэн байгуулагдсан.
Манай компани аймгийнхаа эрчим хүчнийхээ салбарын суурин дээр байгуулагдсан давуу талтай. Даланзадгадын дулааны цахилгаан станц ТӨХК-с 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө балансаас балансад хүлээн авч, борлуулалтын алба, цахилгаан шугам сүлжээний хэсэгт ажиллаж байсан хүмүүс энд ирж ажилласан түүхтэй.
Анх 50 хүний орон тоотойгоор ажлаа эхлүүлж байсан бол өдгөө 108 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш жил ирэх тусам өргөжин тэлж хамрах хүрээ нэмэгдэж байна.
Манай байгууллага нь цахилгаанаар зохицуулалттай хангах, цахилгаан түгээх, 0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах үйлчилгээ эрхлэх, тоолуур хэмжих хэрэгслийг засварлах, суурилуулах, цахилгаан импортлох, эрчим хүчний барилга байгууламж барих гэсэн нийт 6 төрлийн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
Манай компанийн эрхэм зорилго бол Дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангаж, түгээсэн эрчим хүчийг борлуулж хэрэглэгчдээ дээдлэн ажиллах. Энэ зорилтынхоо хүрээнд жил бүр технологийн шинэчлэл хийж, сайжруулсаар ирсэн.
Компаниа таниулан сурталчилахын тулд олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласан. Энэ хугацаанд компанийнхаа 1 жилийн ой, 3 жилийн ой, 5 жилийн ойг тохиолдуулаад олон нийтийг хамруулсан төрөл бүрийн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулж, өөрсдийн хүчээр, ажилчдынхаа санаачилгаар олон ажил хийж хэрэгжүүлж ажилласан.
Анх Өмнөговь аймгийнхаа 9 сумыг хариуцдаг байсан бол одоо 14 сумын 17.0 орчим мянган хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээж байна. 2013 онд Ханбогд, Баян-овоо сум, 2017 онд Гурвантэс сум, 2019 онд Цогтцэций сум тус тус нэмэгдсэн. Энэ жилээс эхэлж Ханбогд сумын Хайрхан багийн хэрэглэгчдэд хүрч ажиллаж эхэллээ. Гашуунсухайт хилийн боомт, Хайрхан багийн хэрэглэгчдийг БНХАУ-с импортын цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна.
2013 онд цахилгаан эрчим хүчний ачааллыг эгшин зуур хянах програм, электрон тоолуурын заалт авах, алдагдлыг бууруулах, арилжааны болон техникийн алдагдлыг тооцох аргачлал, тооцооллуудыг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн багш судлаачдаар хийлгэсэн.
2014 онд хэрэглэгчийн онлайн системийг нэвтрүүлсэн. Мөн оноос хэрэглэгчдэд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн мэдээллийг мессежээр хүргэж эхэлсэн.
2015 оноос тарифтай тоолуурыг нэвтрүүлж эхэлсэн.
2016 оноос эхлэн скада системийг 35/15кВ, 35/10кВ, 10кВ-ын дэд станцуудад нэвтрүүлж, диспетчерийн хяналтанд оруулан диспетчерийн удирдлагаар ханган ажиллаж байна.
2018 оноос байгууллагуудад зориулсан үйл ажиллагаа, хяналт, удирдлагын нэгдсэн систем буюу онлайн програм хангамжуудын сан бүхий Эйбл програмыг хэрэгжүүлж нэвтрүүлсэн.
2019 Edimis системд холбогдон тоолуурын заалт мэдээллийг гар утсаар авах аппликейшн нэвтрүүлэн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэ нь хэрэглэгчдийн тоолуурын заалтыг үнэн зөв авах, мөн тоолуурын заалтыг дахин шивэх ажиллагааг хөнгөвчилсөн дэвшилтэт ажиллагаа юм.
2019 онд Реле хамгаалалтын тавил, түгээх сүлжээний горим тооцоонд “Power factory 2019” програм худалдан авч, програмд фидерүүдийн схемийг оруулж ачааллын тооцоололд ашиглаж байна.
Эрчим хүчний яамнаас 2019 оныг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарлаж энэ хүрээнд манай компани 500 гаруй ухаалаг тоолуурыг хэрэглэгчдэд суурилуулсан. Энэ нь манай компанийн хийсэн томоохон ажлын нэг хэсэг нь юм.
Мөн бид томоохон компаниудын туршлагыг байнга судалж, өөрийн компанидаа нэвтрүүлдэг.
-Онлайн системийнхээ талаар жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?
-УБЦТС компанийн tog.mn гэдэг систем бий. Яг үүнтэй адилхан програмыг манай компани үйл ажиллагаагаа эхлүүлсний дараахан нэвтрүүлсэн. Тус програмд нэвтэрснээр хэрэглэгч өөрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ, төлбөрийг бүрэн хянах, өргөдөл хүсэлт гаргах боломжийг бүрдүүлсэн.
Үүнийгээ цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд хүргэх, таниулах үүднээс мэдээлэл, сурталчилгааг байнга явуулж ажилладаг. Мөн энэ системийг ашиглаж төлбөр тооцоогоо хийх ажлыг эхлүүлсэн. Эхний хагас жилдээ багтаагаад нэлээд хэдэн банкийг оруулахаар төлөвлөсөн. Төлбөр тооцоогоо банкинд очиж тушаах биш онлайнаар төлөх боломжийг хэрэглэгчдэдээ олгох үүднээс борлуулалтын програмын компани болон харилцагч банкуудтайгаа ярилцаж хамтран ажиллаж байна.
-Танай компанийн ажилчид хэдий хэр насны хүмүүс байдаг юм бэ. Хүмүүсээ он удаан жил ажиллуулахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Нийт ажиллагсдын 69 хувь нь эрэгтэй. Үлдсэн 31% нь эмэгтэйчүүд эзэлдэг. 21 хувь нь цаг зэргээр, 26 хувь нь хийснээрээ цалинждаг. Инженер техникийн ажилчдын эзлэх хувийн жин нь 23,4 хувь байна. Манай аймаг өөрөө их онцлогтой. Уул уурхайн компани олонтой учир нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтанууд шилжих тохиолдол их байдаг. Тийм учраас хүмүүсээ тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангахын тулд 2019 онд нэлээд анхаарч ажилласан. Орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Үүний нэг жишээ нь 20 албан хаагчдадаа орон сууцанд ороход нь дэмжлэг болгох үүднээс тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан. Энэ онд мөн үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана.
-Цахилгааны төлбөрөө төлөхгүй байна гэдэг гомдол хэр багасч байна вэ. Нэг үеэ бодвол иргэд хариуцлагатай болсон юм шиг санагддаг?
-Хэрэглэгчдийн хариуцлага нэмэгдэж байгаа гэдэг нь үнэн. Хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаагийнхаа хэрээр бидний орлого ч өсч, тэр хэмжээгээр авлага ч нэмэгдэж байгаа. Бидний хувьд цахилгаан эрчим хүчний төлбөр чинь тэд гарчээ гэдэг мессэжийг хэрэглэгчдийн бүртгэлтэй гар утсанд сард хоёр удаа явуулдаг. Мөн хэрэглэгчдэдээ зориулж сар болгон “Хэрэглэгчийн өдөрлөг” зохион байгуулдаг. Дээрх асуудалтай холбогдуулж ярихад төлбөр тооцоо их гарлаа, буруу бичигдсэн байна гэдэг гомдлууд гарах нь бий. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гар утасны аппликэйшныг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн төлбөр тооцоог стандарт хэмжилзүйгээр баталгаажсан тоолуураар тоолдог. Үүнийг хүмүүс ойлгодоггүй учраас гар утсаар тоолуурынх нь заалтыг авдаг. Энэ маягаар маргаан дагуулдаг асуудлуудаа шийдвэрлээд явж байна. Мөн хэрэглэгчдийнхээ санал шүүмжлэл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч шийдвэрлэдэг байгаа.
-Одоо жилдээ хэчнээн кВт цахилгаан түгээж байгаа вэ?
- Манай компани анх 30 гаруй сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч худалдаж авдаг байсан бол одоо 90 гаруй сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч худалдан авч, түгээлт гурав дахин өсөн нэмэгдсэн. Харин энэ онд 110 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч худалдаж авч түгээхээр зорилт тавин ажиллаж байна. Бид энэ онд ханбогд сумын хайрхан багийн Цагаан хадны хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангана.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Эрчим хүчний систем гэдэг энэ том байгууллагад 11 дэхь жилдээ ажиллаж байна. Хамгийн түрүүнд үе үеийн ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөе. Мөн үргэлж тусалж дэмжиж үнэтэй санал зөвлөмжөө өгч байдаг Төлөөлөн удирдах зөвлөлийнхөндөө болон нийт хамт олондоо, эрхэм хүндэт хэрэглэгчдэдээ ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
- Баярлалаа...
2020-05-15 13:49:51 МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗЫН ЦАХИМ ХУУДАСНААС