Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

КОМПАНИЙН ТУХАЙ

 
 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот
 
КОМПАНИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
 
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
2.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө.
2.2.Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг бусад хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар тус тус зохицуулна.
2.3.Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах замаар байгуулагдсан компанийн үйл ажиллагааг энэ хуулиар, түүнийг үүсгэн байгуулахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.
2.4.Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
2.5.Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна.
2.6.Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно.
2.7.Компаниас өөр хэлбэрийн ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг байгуулахтай холбогдсон харилцаа, түүний үйл ажиллагааг бусад хуулиар зохицуулна.
 
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
КОМПАНИ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
3 дугаар зүйл.Компани, түүний хэлбэр
3.1.Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.
3.2.Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.
3.3.Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ.
3.4.Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна.
3.5.Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.
3.6.Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна.
3.7.”Нээлттэй хувьцаат компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ.
3.8.”Хаалттай хувьцаат компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ.
3.9.Хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь тусгай зориулалтын компани хэлбэртэй байна. Уг хэлбэрийн компанийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл.Хувьцаат компани
4.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.
4.2.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлсэн бол хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх этгээдэд бүртгүүлэх үүрэгтэй.
4.3.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол нээлттэй хувьцаат компани нь нээлттэй буюу хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаа болон бусад үнэт цаас гаргаж болно.
4.4.Нээлттэй хувьцаат компанийн хаалттай захиалгын үндсэн дээр нэмж гаргасан хувьцааг худалдан авагч нь түүнийг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.
4.5.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид тохиролцсоны үндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ байгуулж болно.
5 дугаар зүйл.Хязгаарлагдмал хариуцлагатай компани
5.1.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн байгуулах үеийн хувьцаа эзэмшигчдийн тоо 50-аас дээшгүй байна.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.2.Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг зөвхөн хаалттай захиалгын үндсэн дээр гаргах бөгөөд бусад үнэт цаасыг нээлттэй болон хаалттай аль ч хэлбэрээр гаргаж болно.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.3.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.
5.4.Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ.
5.5.Энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжид худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байна.
5.6.Хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ.
5.7.Энэ хуулийн 5.6-д заасан мэдэгдэлд хувьцаа худалдан авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, худалдан авах хувьцааны тоо зэргийг зааж, төлбөр хийсэн баримтыг хавсаргасан байна.
5.8.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг энэ хуулийн 5.3-т заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрхтэй.
5.9.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.З-т заасан эрхийг хувьцаа эзэмшигч тогтоосон хугацаанд бүрэн хэрэгжүүлээгүй тохиолдолд уг эрх компанид шилжих бөгөөд компани нь энэхүү эрхийг хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэрээ энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд заасан хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор гаргана.
5.10.Энэ хуулийн 5.3, 5.9-д заасан этгээд тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд зааснаас багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй.
5.11.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй.
6 дугаар зүйл.Хараат болон охин компани, компанийн нэгдэл
6.1.Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг хараат компани гэнэ.
6.2.Хараат компани нь бие даасан тайлан баланс гаргадаг хуулийн этгээд байна.
6.3.Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ.
6.4.Охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах ба толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргана.
6.5.Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй.
6.6.Толгой компанийн гаргасан шийдвэрийн улмаас охин компани төлбөрийн чадваргүй болсон бол толгой компани нь тухайн өрийг хамтран хариуцна.
6.7.Охин компанийн хүлээсэн алдагдал нь толгой компанийн гаргасан шийдвэрээс шалтгаалсан гэж үзвэл охин компанийн хувьцаа эзэмшигч алдагдлын улмаас охин компанид учирсан хохирлыг толгой компаниар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
6.8.Толгой компани нь гуравдагч компанийн хараат болон охин компани бол түүний хараат болон охин компани нь гуравдагч компанийн хувьд мөн хараат болон охин компани болох бөгөөд энэ зарчмыг үүнээс ч илүү үргэлжилсэн хэлхээ холбоонд ашиглан хамаарлыг тогтооно.
6.9.Хараат болон охин компани нь толгой компанийн хувьцааг эзэмшиж болно.
6.10.Энэ хуулийн 6.9-д заасны дагуу охин компанийн эзэмшиж байгаа толгой компанийн хувьцаа нь саналын эрхгүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг тооцохдоо охин компанийн эзэмшиж байгаа хувьцааг хасч тооцно.
6.11.Энэ хуулийн 6.9-д заасны дагуу эзэмшиж байгаа хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлсэн тохиолдолд уг этгээдэд хувьцаа эзэмшигчийн бүх эрх шилжинэ.
6.12.Толгой компани нь үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс бусад тохиолдолд хараат болон охин компанийн үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж байгаа хувьцааныхаа эрхээр оролцоно.
6.13.Төр болон бусад хуулийн этгээд аливаа компанид хөрөнгө оруулсныхаа төлөө эзэмшиж байгаа хувьцааныхаа эрхээ хэрэгжүүлэхдээ дүрэмдээ заасан эрх бүхий этгээдээс томилсон төлөөлөгчөөр дамжуулан төлөөллөө хэрэгжүүлэх бөгөөд энэхүү төлөөлөгч нь уг төлөөллийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль болон тухайн компанийн дүрэмд заасан эрх бүхий этгээдээс өгсөн удирдамжийг үндэслэх ба энэхүү удирдамжаас өөрөөр санал гаргасан нь түүнийг энэхүү төлөөллийг хэрэгжүүлэх эрхээс чөлөөлөх үндэслэл болно.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.14.Толгой компани, түүнтэй энэ хуулийн 6.1, 6.3, 6.8-д заасан хамаарал бүхий компаниуд, нэг этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг, эсхүл компанийн удирдлагын шийдвэрийг нь тодорхойлох боломжтой компаниудыг компанийн нэгдэл гэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.15.Нэг толгой компанийн хараат болон охин компаниуд, эсхүл нэг этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг компаниудыг зэргэлдээ компани гэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.16.Компанийн нэгдэлд хамаарагдаж байгаа компани нь толгой компани, эсхүл хараат болон охин компани, зэргэлдээ компани аль нь болохоос үл хамааран түүнийг нэгдлийн оролцогч компани гэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7 дугаар зүйл.Компанийн салбар, төлөөлөгчийн газар
7.1.Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно.
7.2.Компанийн төлөөлөгчийн газар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулна.
7.3.Компани нь Монгол Улсад болон гадаад улсад өөрийн салбар, төлөөлөгчийн газартай байж болно.
7.4.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ гаргана.
7.5.Гадаад улсын хуулийн этгээдийн Монгол Улсад оршин байгаа салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.
7.6.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсад компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг тухайн улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
7.7.Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна.
7.8.Компанийн салбар, төлөөлөгчийн газрын эд хөрөнгийг түүнийг байгуулсан компанийн балансад тусгана.
7.9.Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна.
7.10.Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцна.
7.11.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ томилох бөгөөд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.
8 дугаар зүйл.Компанийн үйл ажиллагааны чиглэл, байгуулах хугацаа
8.1.Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
8.2.Компани эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээг дүрмээрээ хязгаарлаж болно.
8.3.Энэ хуулийн 8.2-т заасны дагуу компани эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээг хязгаарласан нь уг хязгаарлалтыг мэдэхгүйгээр хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гуравдагч этгээдийн өмнө уг компанийн хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
8.4.Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
8.5.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийг тодорхой бус хугацаагаар үүсгэн байгуулна.
9 дүгээр зүйл.Компанийн болон хувьцаа эзэмшигчийн хариуцлага
9.1.Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ.
9.2.Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй.
9.3.Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
9.4.Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна.
9.5.Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.
10 дугаар зүйл.Компанийн оноосон нэр, оршин байгаа газар
10.1.Компани оноосон нэртэй байх бөгөөд түүнийг хэрэглэх тохиолдол бүрд уг нэрийн ард компанийн хэлбэрийг тодорхойлсон хувьцаат компани буюу "ХК", хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу "ХХК" гэсэн ялгах тэмдэглэгээ заасан байна.
10.2.Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно.
10.3.Компани нь бүртгэх байгууллагад бүртгэгдсэн өөрийн бэлгэдэл болон барааны тэмдэгтэй байж болно.
10.4.Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно.
10.5.Компанийн хаягийн өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.
 
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
КОМПАНИ БАЙГУУЛАХ
11 дүгээр зүйл.Компани байгуулах
11.1.Компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно.
11.2.Компанийг хувьчлах замаар үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчийн үүргийг төр хүлээх бөгөөд хувьцааг худалдах, шилжүүлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
12 дугаар зүйл.Компанийн үүсгэн байгуулагч
12.1.Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.
12.2.Компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно.
12.3.Компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно.
12.4.Компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно.
12.5.Төр, түүний байгууллага нь дараах тохиолдолд компанийн үүсгэн байгуулагч болон түүний хувьцаа эзэмшигч байж болно:
12.5.1.төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчилснаар шинээр бий болсон компанийн;
12.5.2.төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн байгуулах замаар үүссэн төрийн өмчит компанийн;
12.5.3.хууль тогтоомжид заасан журмын дагуу дампуурч байгаа компанийн төрд төлөх өрийг хувьцаагаар нь сольж авсан компанийн (Энэ тохиолдолд төр тухайн хувьцааг гурван жилийн дотор бусад этгээдэд худалдах үүрэгтэй);
12.5.4.гадаад улсын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компанийн;
12.5.5.хуульд заасан бусад.
12.6.Компанийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг компанийн үүсгэн байгуулагчид хамтран хариуцна.
12.7.Компани үүсгэн байгуулах хурлын буюу төлөөлөн удирдах зөвлөл /хэрэв нэг үүсгэн байгуулагчтай бол үүсгэн байгуулагч/-ийн шийдвэрээр энэ хуулийн 12.6-д заасан зардлыг компани хариуцаж болно.
12.8.Энэ хуулийн 12.6, 12.7-д заасны дагуу компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагч, түүний эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн уг зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй.
12.9.Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болно.
13 дугаар зүйл.Шинээр компани үүсгэн байгуулах
13.1.Үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг үүсгэн байгуулна.
13.2.Компанийг нэг этгээд үүсгэн байгуулж байгаа тохиолдолд тухайн этгээд нь үүсгэн байгуулах шийдвэр гаргана.
13.3.Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана.
13.4.Энэ хуулийн 13.3-т заасан гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй.
13.5.Цөөн тооны этгээдээс захиалга авах арга /цаашид “хаалттай захиалга” гэх/-аар шинээр хаалттай хувьцаат компанийг үүсгэн байгуулахад дараах журмыг баримтална:
13.5.1.хаалттай захиалгыг захиалгын хуудсаар авах бөгөөд түүнд захиалагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, захиалсан хувьцааны төрөл, ангилал, тоо, үнийн дүн, захиалсан он, сар, өдрийг тусгах бөгөөд захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурснаар захиалга хийгдсэнд тооцох;
13.5.2.захиалсан нийт хувьцааны төлбөрийг захиалгын хугацаа дууссанаас хойш ажлын 30 өдрийн дотор хийх.
13.6.Тодорхой шалтгаанаар компани байгуулагдаагүй бол компани үүсгэн байгуулах хурал товлосон өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор захиалагчийн урьдчилан хийсэн төлбөрийг буцаан олгох үүргийг үүсгэн байгуулагч хүлээнэ.
14 дүгээр зүйл.Компани үүсгэн байгуулах хурал
14.1.Компани үүсгэн байгуулах хурлыг үүсгэн байгуулагчид зарлан хуралдуулна.
14.2.Компани үүсгэн байгуулагчид санал нэгтэйгээр өөрөөр шийдвэрлээгүй бол үүсгэн байгуулагч бүр компани үүсгэн байгуулах хуралд саналын тэнцүү эрхтэй оролцоно.
14.3.Компани үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
14.3.1.компани байгуулах тухай;
14.3.2.компанийн дүрэм;
14.3.3.зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах үнэ;
14.3.4.төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
14.3.5.компани үүсгэн байгуулахад гаргасан зардлыг нөхөн олгох журам;
14.3.6.компанид хувь нийлүүлэх хөрөнгийг бүрэн оруулж дуусах хугацаа.
14.4.Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол бүх үүсгэн байгуулагч оролцсоноор компани үүсгэн байгуулах хурал хүчин төгөлдөр болох бөгөөд уг хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргана.
14.5.Компани үүсгэн байгуулах хурлын даргыг үүсгэн байгуулагчдаас сонгоно.
14.6.Үүсгэн байгуулагчид мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийх тохиолдолд санал болгож байгаа эд хөрөнгийн үнийн талаар шаардлагатай гэж үзвэл үнэлгээний байгууллага болон холбогдох мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулан санал боловсруулж, компани үүсгэн байгуулах хуралд оруулна.
14.7.Үүсгэн байгуулагчид мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийх тохиолдолд эд хөрөнгийн үнийг компани үүсгэн байгуулах хуралд оролцогчид санал нэгтэй шийдвэрлэнэ.
15 дугаар зүйл.Компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх
15.1.Компани байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад өгнө.
15.2.Компанийг бүртгэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
16 дугаар зүйл.Компанийн дүрэм
16.1.Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн.
16.2.Компанийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана:
16.2.1.компанийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;
16.2.2.компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;
16.2.3.компанийн дүрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нөхцөлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, түүний эзэмшигчийн эрх;
16.2.4.хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо;
16.2.5.хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;
16.2.6.компанийн үйл ажиллагааны чиглэл;
16.2.7.компанийн дүрэмд тусгахаар энэ хуульд заасан бусад зүйл.
16.3.Компанийн дүрэмд Иргэний хууль болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй зүйлийг тусгаж болно.
16.4.Компани нь хувьцаа эзэмшигчийн шаардлагаар компанийн дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг түүнд танилцуулах үүрэгтэй.
17 дугаар зүйл.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, бүртгэх
17.1.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална.
17.2.Компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулга нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн тохиолдолд эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.
17.3.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
17.3.1.компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл;
17.3.2.компанийн дүрэмд орж байгаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг бүрэн эхийн хамтаар;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.3.3.компанийн дүрмийн хуулбар;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.3.4.бүртгэлийн хураамж төлсөн баримт.
17.4.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
17.5.Бүртгэх байгууллага энэ хуулийн 17.3-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын хоёр өдрийн дотор компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэр гаргана.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.6.Энэ хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэх байгууллага компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзана.
17.7.Бүртгэх байгууллага энэ хуулийн 17.6-д заасны дагуу бүртгэхээс татгалзсан бол энэ тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын хоёр өдрийн дотор татгалзсан үндэслэлээ тусгасан мэдэгдлийг өргөдөлд заасан шуудангийн хаягаар илгээнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.8.Энэ хуулийн 17.6-д заасан бүртгэх байгууллагын гаргасан шийдвэрийг компани эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
17.9. Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно.
 
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
КОМПАНИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ, ӨРИЙГ ХУВЬЦААГААР СОЛИХ
18 дугаар зүйл.Компанийг өөрчлөн байгуулах
18.1.Компанийг энэ хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.
18.2.Хуульд заасан тохиолдолд шүүх компанийг хуваах, тусгаарлах шийдвэр гаргаж болно.
18.3.Компанийг нэгтгэхээс бусад хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд шинээр бий болж байгаа компанийг улсын бүртгэлд бүртгэснээр компани өөрчлөн байгуулагдсанд тооцно.
18.4.Компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно.
18.5.Компанийг өөрчлөн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор өөрчлөн байгуулагдсан компани нь зээлдүүлэгч болон бусад харилцагчид өөрчлөн байгуулагдсан тухайгаа бичгээр мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:
18.5.1.өөрчлөн байгуулсан арга, хэлбэр;
18.5.2.өөрчлөн байгуулагдсан болон түүний үр дүнд шинээр үүссэн компани тус бүрийн оноосон нэр болон байршил;
18.5.3.өөрчлөн байгуулах тухай шийдвэр гарсан он, сар, өдөр;
18.5.4.хуваах болон тусгаарлах замаар өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд хуваах баланс.
18.6.Хувьцаат компани нь өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэр гаргаснаас хойш энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ.
18.7.Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компанийн өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэрийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрсөн бол уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/
19 дүгээр зүйл.Компанийг нийлүүлэх
19.1.Хоёр буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг компанийг нийлүүлэх гэнэ.
19.2.Нийлж байгаа компани тус бүрийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийн төсөл болон өөрчлөн байгуулах нөхцөл, журмыг тодорхойлсон гэрээ, шинээр бий болсон компанийн дүрэм, компани тус бүрийн үнэт цаасыг шинээр бий болсон компанийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх журмыг тодорхойлсон саналаа компани тус бүрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
19.3.Компаниудыг нийлүүлэх тухай шийдвэр, гэрээг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална.
19.4.Гэрээнд шинээр үүссэн компанийн хувьцаа, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах хугацаа, товыг заана.
19.5.Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийг батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно.
19.6.Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын эрх нь энэ хуулийн 19.2-т заасан гэрээгээр тодорхойлсон хөрвөсөн саналын эрхтэй тэнцүү байна.
20 дугаар зүйл.Компанийг нэгтгэх
20.1.Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ.
20.2.Нэгдэж байгаа болон нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /хэрэв байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг нэгтгэх тухай шийдвэрийн төсөл болон компанийг нэгтгэх гэрээг компани тус бүрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
20.3.Энэ хуулийн 20.2-т заасан гэрээнд компанийг нэгтгэх нөхцөл, журмыг тодорхойлохоос гадна нэгдэж байгаа компанийн үнэт цаасыг нэгтгэж байгаа компанийн үнэт цаас, бусад хөрөнгөд хөрвүүлэх журмыг тусгасан байна.
20.4.Компанийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 20.2-т заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор гаргана.
20.5.Нэгдэж байгаа компанийн нийт энгийн хувьцааны 75-аас дээш хувийг эзэмшиж байгаа бөгөөд компанийг нэгтгэснээр компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-аар компанийг нэгтгэх тухай шийдвэр гаргаж, нэгтгэх журмыг баталж болно.
21 дүгээр зүйл.Компанийг хуваах
21.1.Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш компанид шилжүүлэхийг компанийг хуваах гэнэ.
21.2.Компанийг хуваах тухай шийдвэрт өөрөөр заагаагүй бол хуваагдаж байгаа компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хөрөнгийн хуваагдсан хэмжээтэй хувь тэнцүүлэн шинээр бий болсон компани тус бүрийн энгийн хувьцааны эзэмшигч болно.
21.3.Компанийг хуваах замаар өөрчлөн байгуулах, шинээр компани байгуулах, хуваах балансыг батлах асуудал болон тухайн компанийн үнэт цаасыг шинээр байгуулагдсан компанийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх журмыг хуваагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.
21.4.Шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийг батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно.
21.5.Энэ хуулийн 21.4-т заасан хурлыг хуралдуулах тусгайлсан журмыг хуваах замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрт заана.
21.6.Компанийг хуваахад түүний эрх, үүрэг, хариуцлага шинээр байгуулагдсан компаниудад хуваах балансын дагуу шилжинэ.
21.7.Компанийг хуваах тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол шинээр үүссэн компани бүр бусад компанийнхаа өмнөөс давхар хариуцлага хүлээнэ.
22 дугаар зүйл.Компанийг тусгаарлах
22.1.Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ.
22.2.Компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна.
22.3.Компанийг тусгаарлах нөхцөл, журам, хуваах балансыг батлах болон шинэ компани байгуулах тухай шийдвэрийг өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ гаргана.
22.4.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн дүрмээ батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно.
22.5.Компанийг тусгаарлахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь өөрийн бүх өрийг хариуцна.
22.6.Өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн өмнөөс түүний өрийг энэ хуулийн 22.1-д заасны дагуу шинээр байгуулагдаж байгаа компаниар төлүүлэхийг хуваах балансаар тогтоож болно.
22.7.Энэ хуулийн 22.6-д заасны дагуу өр төлөх тохиолдолд өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанид шилжүүлсэн үүргээ хамтран хүлээнэ.
22.8.Компанийг тусгаарлах замаар шинээр байгуулагдсан компаниас гаргасан үнэт цаасыг энэ хуулийн долдугаар бүлэгт заасныг үндэслэн бүгдийг нь, эсхүл түүний зарим хэсгийг ногдол ашиг хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчид шилжүүлж болно.
23 дугаар зүйл.Компанийг өөрчлөх
23.1.Хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгох замаар компанийн хэлбэрийг өөрчилж болно.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу компанийг өөрчлөх төслийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ боловсруулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.
23.3.Энэ хуулийн 23.2-т заасан төсөлд компанийг өөрчлөх зорилго, нөхцөл, журам, хугацаа, хувьцааг харилцан хөрвүүлэх арга, тооцоо, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах хугацаа зэргийг тусгасан байна.
23.4.Энэ хуулийн 60.1-д заасан эрх бүхий этгээд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд компанийг өөрчлөх замаар үүссэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулж, компанийн дүрэм, удирдах байгууллагыг шинэчлэн баталж болох бөгөөд энэ тухай компанийг өөрчлөх төсөлд заана.
23.5.Компанийг өөрчлөхөд түүний эрх, үүрэг, хариуцлага шинээр бий болж байгаа компанид шилжинэ.
23.6.Компанийг өөрчлөх тохиолдолд холбогдох өөрчлөлтийг компанийн оноосон нэр болон дүрэмд тусгана.
24 дүгээр зүйл.Компанийг өөрчлөн байгуулсантай холбогдсон хувьцаа эзэмшигчийн эрх
24.1.Нийлүүлэх, нэгтгэх буюу өөрчлөх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нь өөрчлөн байгуулахын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй бол энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшиж байгаа хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.
24.2.Компанид эргүүлэн худалдахаар тохиролцсон хувьцаа эзэмшигчийн хувьцааг уг компанийг өөрчлөн байгуулах шийдвэрийн дагуу хөрвүүлж үл болно.
24.3.Энэ хуулийн 24.2-т заасан тохиолдолд тухайн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа эргүү
Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх